Skip to content
Skip to content

Шихихутуг их сургуулийн Судалгааны хүрээлэн Печийн их сургуулийн Харьцуулсан эрх зүйн түүхийн судалгааны бүлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Шихихутуг их сургуулийн Судалгааны хүрээлэн, Унгарын Печийн их сургуулийн Хууль зүйн факультетийн дэргэдэх Дезшё Маркушын нэрэмжит Харьцуулсан эрх зүйн түүхийн судалгааны бүлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Уг санамж бичигт Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Печийн их сургуулийн Хууль зүйн факультетийн дэргэдэх Дезшё Маркушын нэрэмжит Харьцуулсан эрх зүйн түүхийн судалгааны бүлгийн тэргүүн, шинжлэх ухааны доктор, профессор Эстэр Хергэр нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд хамтран судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

Эрдмийн зөвлөлийн дарга Д.Лүндээжанцан хэлэхдээ: “Энэхүү санамж бичиг байгуулагдснаар эрх зүйн шинжлэх ухаан, тэр дундаа төр, эрх зүйн түүхийн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд өөрсдийн судалгааны бүтээлээ Унгар улсад хэвлүүлэх, Монголын төр, эрх зүйн түүхийг олон улсад сурталчилан таниулахад чухал хувь нэмэр оруулна” хэмээн онцлов.