АНУ-ын Йелийн их сургуулийн профессор, нэрт философич Скотт Ж.Шапирогийн “Хуульт Ёс” (Legality) хэмээх эрх зүйн онолын алдарт бүтээл Монгол хэлнээ орчуулагдан уншигчдын гар дээр хүрлээ.
Энэхүү бүтээлийг англи хэлнээс хуульч, орчуулагч С.Энх-Амгалан орчуулж, шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан редактороор ажилласан байна.
Дэлхийн эрх зүйн философийн судалгаанд чухал байр суурь эзэлдэг уг бүтээл өмнө нь орос, испани, хятад зэрэг олон хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн бөгөөд ийнхүү Монгол хэлнээ анх удаа хэвлэгдэж буйгаараа онцлог юм.
Номын монгол хэл дээрх орчуулгыг Шихихутуг их сургуулийн хэрэгжүүлж буй “Дэлхийн оюуны өвийг Монголд” санаачилгын хүрээнд эрхлэн гаргасан бөгөөд уг санаачилгын зорилго нь дэлхийн шинжлэх ухаан, оюуны өвийн сонгодог бүтээлүүдийг эх хэл дээрээ орчуулан Монголын уншигчдад хүргэхэд оршиж байна.
Номын нээлтийн арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Шихихутуг их сургууль дээр зохион байгуулагдаж, хуульчид, эрдэмтэн судлаачид, багш оюутнууд болон эрх зүй, нийгмийн шинжлэх ухааныг сонирхон судалдаг хүмүүс өргөнөөр оролцлоо.
“Хуульт Ёс” бүтээл нь орчин үеийн эрх зүйн онол, хуулийн мөн чанар, хуулийн логик бүтцийг шинэ өнцгөөс тайлбарласан судалгааны чухал бүтээл бөгөөд эрх зүйн хөтөлбөрөөр суралцагч оюутнууд, эрдэмтэн судлаачид, хуульчид төдийгүй нийгмийн шинжлэх ухаан сонирхон судлагч хүн бүрийн судалгааны чухал эх сурвалж, хэрэглэгдэхүүн болох ач холбогдолтой билээ.
Уг бүтээлийг уншигчдад хүргэхэд дэмжин ажилласан УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, профессор Л.Өлзийсайхан, Швейцарийн хөгжлийн агентлагийн төслийн зохицуулагч С.Алтанхуяг нарт талархал илэрхийлж байна.



