Улаанбаатар
2025.11.20
Шихихутуг их сургуулийн Судалгааны хүрээлэн, Харьцуулсан эрх зүйн хүрээлэн болон Италийн Миланы их сургууль хамтран “Эрх зүйн харьцуулсан судалгааны онол, арга зүй ба орчин үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.
Хуралд гадаад, дотоодын их дээд сургууль, судалгааны хүрээлэн, шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэн судлаачдын ирүүлсэн бүтээлүүдээс 12 илтгэлийг сонгон хэлэлцүүлсэн бөгөөд илтгэлүүд нь харьцуулсан эрх зүйн онол, арга зүй, түүхэн хөгжлийн хандлага, эрх зүйн салбарын харьцуулсан судлалын шинэ үр дүнг багтааснаараа онцлог байв. Илтгэлүүд нь үндэсний болон олон улсын туршлага, эрх зүйн тогтолцоо, шүүхийн реформ, хүний эрхийн хамгаалалтын чиг хандлага зэрэг сэдвийг хамарсан.
Шихихутуг их сургууль нь Европын холбооны ERASMUS+ хөтөлбөрийн хүрээнд “Монголын дээд боловсролын сургалтын байгууллагууд дахь Харьцуулсан болон Европын холбооны эрх зүй” төслийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн үйл ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг нь энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал юм.
Судалгааны хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Нармандах хэлсэн үгэндээ:
“Манай сургууль нь Монгол Улсад харьцуулсан эрх зүйн судалгааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, Харьцуулсан эрх зүйн хүрээлэнг байгуулан бодлогын түвшний судалгааг тогтмол явуулж байна. Энэхүү хурал нь эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ чиглэлийн судалгааны бүтээлүүдийг олон нийтэд таниулахад чухал алхам боллоо” хэмээн онцлов.
Хуралд ирүүлсэн судалгааны бүтээлүүдийг эмхэтгэн олон нийтийн хүртээл болгоно.
Шихихутуг их сургуулийн Судалгааны хүрээлэн


