Шихихутуг
Их сургуулийн
Ректор
Профессор Дамбадаржаагийн ОЮУНЦЭЦЭГ
Эрхэм хүндэт оюутан, суралцагчид, профессор, багш, ажилтнууд, төгсөгчид, эцэг эх, хамтран ажиллагчид, Шихихутуг их сургуулийн цахим хуудсанд зочилж буй Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Шихихутуг их сургууль нь 1991 онд байгуулагдсан цагаасаа Монгол Улсын хууль зүйн боловсрол, эрдэм шинжилгээ, мэргэжлийн хүний нөөцийн хөгжилд хувь нэмрээ оруулж, мэдлэг, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэсэн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэн ирсэн билээ.
Манай сургуульд онолын өндөр мэдлэг, мэргэжлийн ур чадвар, практик арвин туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, профессор, багш нар ажилладаг. Тэд оюутан суралцагчдын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн ёс зүй, төлөвшлийн чиглүүлэгч луужин болж, хөдөлмөрийн зах зээлийн бодит хэрэгцээнд нийцсэн, өрсөлдөх чадвартай мэргэжилтнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Өнөөдөр бид сургалт, судалгаа, инновац, дижитал шилжилт, олон улсын хамтын ажиллагааг уялдуулан хөгжүүлж, суралцагч төвтэй, нээлттэй, бүтээлч академик орчныг бүрдүүлэхийг зорьж байна. Цаашид ч боловсролын чанар, эрдэм шинжилгээний үнэ цэнэ, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн, үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болон хөгжихийн төлөө тууштай ажиллах болно.
Эрдэм мэдлэг түгэн дэлгэрч, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Профессор Д.Оюунцэцэг нь Монгол Улсын дээд боловсрол, хууль зүйн боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй боловсролын удирдах ажилтан, багш, судлаач юм. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр, Удирдлагын академийг боловсролын удирдлагын чиглэлээр тус тус төгссөн. 1984 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1991 онд Шихихутуг их сургуулийг үүсгэн байгуулалцан, сургалтын болон удирдлагын ажлыг тасралтгүй хашиж иржээ.
Түүний судалгааны үндсэн чиглэл нь дээд боловсролын чанарын удирдлага, боловсролын менежмент, гэр бүлийн эрх зүйн зохицуулалт бөгөөд сургалт, судалгаа, чанарын баталгаажуулалт, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж ирсэн. Монгол Улсын дээд боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, Монгол Улсын Гавьяат багш цол зэрэг төр, салбарын шагналаар шагнагдсан.