Skip to content

БОЛОВСРОЛЫН ПАРАДИГМ

Боловсролын зорилго юу вэ? Багш мэдлэг дамжуулагч уу, эсвэл суралцагчийн хөгжил, төлөвшлийг чиглүүлэгч үү? Орчин үеийн боловсролын өөрчлөлтийг бид хэрхэн ойлгож, сургалтын үйл ажиллагаандаа тусгах вэ? Эдгээр асуудлыг эргэцүүлэн хэлэлцэх боломжийг Шихихутуг их сургуулийн багшийн хөгжлийн ээлжит семинар олголоо.

2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Шихихутуг их сургуульд зохион байгуулсан “Багшийн хөгжлийн семинар” арга хэмжээнд академич, Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Б.Жадамба уригдан оролцож, “Боловсролын парадигм” сэдвээр илтгэл тавилаа.

Боловсролын парадигм хэмээх ойлголт нь боловсролын зорилго, агуулга, арга зүй, багш, суралцагчийн харилцаа, мэдлэг бүтээх үйл явцыг тодорхойлж буй суурь үзэл баримтлалтай холбоотой юм. Өнөөдөр боловсролын салбарт зөвхөн мэдлэг эзэмшүүлэхээс илүүтэйгээр суралцагчийн бие даан сэтгэх, асуудал шийдвэрлэх, бүтээлчээр суралцах чадварыг хөгжүүлэх асуудал улам бүр чухал болж байна.

Академич Б.Жадамбаагийн илтгэл нь боловсролын талаарх уламжлалт ойлголт, түүний хувьсал, өөрчлөлт, орчин үеийн боловсролын хөгжлийн чиг хандлагыг онол, арга зүйн үүднээс авч үзэж, багшлахуй, суралцахуйн мөн чанарыг шинээр эргэцүүлэхэд чиглэв.

Боловсролын шинэчлэл нь зөвхөн сургалтын хөтөлбөр, технологийг өөрчлөх асуудал бус, харин багш хэрхэн заах, суралцагч хэрхэн суралцах, мэдлэгийг хэрхэн бүтээх талаарх суурь ойлголтоо эргэн харахаас эхэлдэг. Энэ утгаараа боловсролын парадигмын асуудал нь их сургуулийн сургалтын чанар, багшийн мэргэжлийн хөгжил, суралцагч төвтэй сургалтын арга зүйтэй салшгүй холбоотой юм.

Тус семинар нь Шихихутуг их сургуулийн багш, судлаачдад боловсролын хөгжлийн үзэл баримтлал, багшийн мэргэжлийн үүрэг, сургалтын арга зүйн шинэчлэлийн талаар эргэцүүлэн бодох, цаашдын сургалт, судалгааны үйл ажиллагаандаа тусгах боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Шихихутуг их сургууль нь багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг сургалтын чанарын үндсэн хүчин зүйл хэмээн үзэж, багш нарын онол, арга зүйн мэдлэгийг өргөжүүлэх, сургалт, судалгааны уялдаа холбоог бэхжүүлэх, боловсролын шинэ хандлага, туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн семинар, сургалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж байна.