Энэ удаагийн хурлыг Европын холбооны санхүүжилтээр МУИС, Шихихутуг их сургууль, Италийн Миланы их сургууль, Францын Нормандын их сургуулиудын хамтран хэрэгжүүлж буй “Building Capacity in Comparative and EU Law in HEIs of Mongolia (COMP-LAW)” төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд хурлыг нээж Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Лүндээжанцан нээж үг хэлэв.
Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор Л.Өлзийсайхан, ЕХ-ны COMP-LAW төслийн зохицуулагч, Италийн Миланы их сургуулийн багш, хууль зүйн доктор (Ph.D), профессор Антониа Баражжиа нар үг хэлж, хуралд оролцогчдод амжилт хүсэв.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулснаараа энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал чухал ач холбогдолтой бөгөөд Монгол, АНУ, ОХУ, БНСУ, Унгар, Турк зэрэг 6 улсын эрдэмтэн судлаачид нийт 40 гаруй илтгэл ирүүлснээс сонгон шалгаруулалтын журмаар 9 илтгэлийг сонгон хэлэлцүүлсэн байна.
Хуралд тавигдсан дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын илтгэлд Үндсэн хуульт ардчиллын тулгамдсан асуудлууд тэдгээрийн эрх зүйн зохицуулалтын тухай улс орнуудын туршлага, сургамжийг харьцуулан үнэлж дүгнэсэн, Үндсэн хуульт ардчилал ба хүний эрхийг хангахтай холбогдсон олон чухал санаа, зөвлөмжүүд гарсан байна.
XVI удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлж олон нийтийн хүртээл болгоно.
ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН
ХАРЬЦУУЛСАН ЭРХ ЗҮЙН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН