Skip to content

“Шүүхийн практик судлал: Онол, арга зүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Шихихутуг их сургууль, Монгол Улсын Дээд шүүх хамтран “Шүүхийн практик судлал: Онол, арга зүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Тус хурал Монгол Улсын Дээд шүүхийн 100 жилийн ой, Шихихутуг их сургуулийн 35 жилийн ойн хүрээнд боллоо.

Хурлыг Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Лүндээжанцан, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч, Монголын шүүгчдийн холбооны тэргүүн Д.Батбаатар нар нээж үг хэлэв. Профессор Д.Лүндээжанцан эрх зүйн онол, шүүхийн практикийн уялдааг судлах нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтойг онцоллоо. Шүүгч Д.Батбаатар шүүхийн хараат бус байдал, шүүгчийн мэргэжлийн хариуцлага, шийдвэрийн үндэслэл нь олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд чухал болохыг тэмдэглэв.

Хуралд Унгарын Печийн их сургууль, БНСУ-ын Хандоны их сургуулийн Олон улсын эрх зүйн сургууль, Италийн Миланы их сургууль, ОХУ-ын Эрхүүгийн хуулийн сургуулийн эрдэмтэн судлаачид танхимаар болон цахимаар оролцов. Мөн Шихихутуг их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, шүүх, шүүх шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцлоо. Хуралд ирүүлсэн 30 орчим илтгэлээс үндсэн илтгэлийг оролцуулан нийт 11 илтгэл хэлэлцүүлэв.

Шихихутуг их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, доктор (Ph.D), профессор Г.Амаржаргалан үндсэн илтгэлдээ эрх, үүргийн талаарх хууль зүйн дүгнэлт гаргах явцад гардаг логикийн алдаа шүүхийн шийдвэрийн чанарт хэрхэн нөлөөлдгийг авч үзлээ.

Хурлын гурван хэсгийн хэлэлцүүлгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл, хууль хэрэглээний нэгдмэл байдал, шүүхийн ажиллагаанд хүний эрхийн үндэсний байгууллагын оролцоог хангах олон улсын туршлагыг авч хэлэлцэв. Мөн шүүхийн үйл ажиллагаанд хиймэл оюун ашиглах эрх зүйн хязгаар, шүүхийн шийдвэрийн агуулгыг хиймэл оюунаар шинжлэх боломж, шинжээчийн дүгнэлтийг үнэлэх арга зүй, цахим зээлийн гэрээтэй холбоотой иргэний хэргийн ачааллыг бууруулах арга замын талаар илтгэл хэлэлцүүллээ.

Хурал нь шүүгч, багш, судлаачдад шүүн таслах ажиллагаанд тулгарч буй асуудлыг судалгааны үр дүн, олон улсын туршлагад тулгуурлан хэлэлцэж, шүүхийн практик судлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдүүллээ.