About the Journal
"Шихихутуг" сэтгүүл нь 1999 оноос хойш Шихихутуг их сургуулиас эрхлэн гаргаж буй Монгол Улсын хууль зүйн мэргэжлийн ууган сэтгүүл юм. Тус сэтгүүл нь эрх зүйн онол, удирдахуйн ухааны онол, арга зүй, практик асуудлыг хөндсөн, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал, дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргасан нийтлэлийг түгээх зорилготойгоор 27 жилийн хугацаанд 33 дугаар хэвлэгдсэн.
Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2024 оны 12 сарын 09-ний өдрийн хурлаар сэтгүүлийн нийтлэлийн бодлогод өөрчлөлт оруулж, хуулбарлалтын хувь тогтоон мэргэжлийн түвшинд хянан магадалгаа хийдэг (Peer-reviewed) хууль зүйн мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүл болгохоор шийдвэрлэсэн.
Үүний дагуу сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь эрх зүй, харьцуулсан эрх зүй судлалын онол, арга зүйг хөгжүүлэх, практик ололт, амжилтыг нэвтрүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлаар туурвисан эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээлийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэнэ. Сэтгүүлд нийтэлсэн эрдэм шинжилгээний бүтээл нь зохиогчийн оюуны өмч байх бөгөөд бүтээлийн ашиглалт, эрхийн хамгаалалтыг Монгол Улсын хууль, тогтоомж болон CC BY (Attribution) лицензийн дагуу хэрэгжүүлнэ.
Сэтгүүлийн мэргэжлийн удирдлагыг Сэтгүүлийн редакцын зөвлөл, гүйцэтгэлийн удирдлагыг Судалгааны хүрээлэн хэрэгжүүлэх бөгөөд редакцын зөвлөлд нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны тэр дундаа хууль зүйн шинжлэх ухааны салбар бүрийн төлөөлөл бүхий гадаад, дотоодын нэр хүндтэй, салбартаа мэргэшсэн 25-аас доошгүй эрдэмтний бүрэлдэхүүнтэй байна.
Тус зөвлөлийн гишүүнээр томилох эрдэмтний судалгааг Судалгааны хүрээлэн хариуцан хэрэгжүүлэх бөгөөд эрдэмтэн судлаачтай урьдчилан зөвшилцсөний дагуу гишүүнээр ажиллахыг санал болгож, Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн зөвшөөрснөөр их сургуулийн ректорын тушаалаар батална. Редакцын зөвлөлийг 3 жил тутамд шинэчилнэ.
Сэтгүүлийн редакцын зөвлөл нь дарга, гишүүн, нарийн бичгийн даргатай байх бөгөөд дарга нь зөвлөлийг тэргүүлж, сэтгүүлийн нийтлэлийн бодлогын хэрэгжилтийг Нарийн бичгийн даргаар дамжуулан хэрэгжүүлнэ.
Сэтгүүлийн редакцын зөвлөл сэтгүүлийн нийтлэлийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, сэтгүүлийг цаашид хөгжүүлэх, сэтгүүлд нийтлэх бүтээлийг шинжлэх ухаан, онол, арга зүй, баримт бичиг боловсруулалт талаас мэргэжлийн түвшинд хянаж ажиллана.
Сэтгүүлд нийтлэгдэх эрдэм шинжилгээний бүтээл нь сэтгүүлийн нийтлэлийн бодлогод нийцсэн агуулга болон хэлбэрийн шаардлага хангасан байна. Сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлсэн бүтээлд Хянан магадлах хуудсаар баталгаажуулсан шалгуурын дагуу хараат бусаар хянан магадалгааг хийж, үр дүнг зохиогчид тодорхой мэдээлнэ. Хянан магадалгааны явцад бүтээлийн зохиогч болон хянан магадлагч сэтгүүлийн зөвлөлийн гишүүний мэдээллийг харилцан нууцална.
Сэтгүүлийн Нарийн бичгийн дарга сэтгүүлд нийтүүлэхээр ирүүлсэн бүтээлийг хүлээн авч урьдчилсан хяналт хэрэгжүүлэхээр редакцын гишүүдэд хуваарилах, хянан тохиолдуулах, нийтлэлийн бодлогод өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар сэтгүүлийн зөвлөлийн даргатай зөвшилцөн шийдвэрлэнэ. Сэтгүүлийн эхийг хэвлэлд бэлтгэх, нийтлэлч болон редакцын гишүүдэд хөлс олгох, нийтийн захиалгад оруулахтай холбоотойгоор бусад байгууллага, аж ахуй нэгж, судлаачидтай гэрээ байгуулах, сурталчлах, захиалга хийх, борлуулах зэрэг ажлыг Судалгааны хүрээлэнгийн захирлын өмнө хариуцан гүйцэтгэнэ. Мөн сэтгүүлийн орлого, зарлага холбогдох тооцоог хагас жил тутам гаргаж зөвлөлийн даргад танилцуулнa.