Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2026 оны наймдугаар сарын 10–13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын монголч эрдэмтний XIII их хуралд дэлхийн 30 орны 550 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, монгол судлалын өргөн хүрээний асуудлаар судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж байна.
Тус их хуралд Шихихутуг их сургуулийн профессор багш, академич Ц.Батбаяр “Оуэн Латтимор ба Монгол Улсын Шинжлэх ухааны академи (1960 оноос 1980-аад оны эхэн)” сэдвээр илтгэл тавьж, нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтиморын Монголын шинжлэх ухааны байгууллагатай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа болон тухайн үеийн монгол судлалын хөгжилд гүйцэтгэсэн үүргийг авч үзжээ.
ШХИС-ийн профессор багш, Монгол Улсын Төрийн шагналт Д.Лүндээжанцан “Николай Рерих, Монгол Улс ба соёлын өвийг хамгаалахтай холбоотой олон улсын эрх зүйн зарим асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Николай Рерихийн дэвшүүлсэн соёлын өвийг хамгаалах үзэл санаа, Монгол Улстай холбогдох түүхэн нөхцөл болон соёлын өвийг хамгаалах олон улсын эрх зүйн хөгжлийн зарим асуудлыг хөндөн авч үзжээ.
Их хурлын хүрээнд нэрт монголч эрдэмтэн, академич Ш.Бирагийн мэндэлсний 100 жилийн ой, нэрт төвөд судлаач, монголч эрдэмтэн Ю.Н.Рерихийн мэндэлсний 125 жилийн ойд зориулсан “Соёлоор дамжих энх тайван” сэдэвчилсэн салбар хуралдаан зохион байгуулагдав.
Тус салбар хуралдаанд профессор Д.Лүндээжанцан “Святослав Николаевич Рерихтэй уулзсан дурсамж” сэдвээр илтгэл тавьж, нэрт зураач, соёлын зүтгэлтэн Святослав Рерихтэй биечлэн уулзаж байсан дурсамж, уг уулзалтын түүхэн болон соёлын ач холбогдлын талаар өгүүлэв.
Олон улсын монголч эрдэмтний их хурал нь Монгол Улс болон дэлхийн олон орны монгол судлаачдыг нэгэн дор цуглуулж, монгол хэл, түүх, соёл, утга зохиол, шашин, нийгэм, улс төр, эрх зүй, олон улсын харилцааны чиглэлээр гарсан шинэ судалгааны үр дүнг хэлэлцдэг монгол судлалын нэр хүндтэй эрдэм шинжилгээний чуулган юм.







