Skip to content

АЧИТ БАГШ, АНД НӨХРИЙНХӨӨ ГЭГЭЭН ДУРСГАЛД ӨРГӨХ ЗУЛ

Энэ өдрүүдэд Монголын эрдмийн ертөнцөд, Шихихутуг их сургуулийн эрдмийн хамт олонд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Монголын түүх судлалын ноён оргилуудын нэг, дэлхийд данслагдсан эрдэмтэн судлаач, ачит багш, Шихихутуг их сургуулийн анд нөхөр, хамтран зүтгэгч, эрдмийн хамт олны маань бахархал болсон Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор Жигжидийн Болдбаатар багш маань тэнгэрт дэвшиж, бид бүхний сэтгэлд харуусал, гунигийн гүн сүүдэр унагалаа.

Их эрдэмтэн багш маань 1992–1993 оны хичээлийн жилээс эхлэн Шихихутуг их сургуулийн эрдмийн өргөөний хойморт заларч, “Монгол Улсын төр, эрх зүйн түүхэн уламжлал”, “Монгол Улсын түүх”, “Гадаад орнуудын төр, эрх зүйн түүх” зэрэг хичээлүүдийг зааж, улмаар тэнхимийн эрхлэгч, зөвлөх багшаар ажиллан 30 гаруй жилийн турш эрдэм номын авшгаа үе үеийн шавь нартаа харамгүй хүртээсэн ачтан билээ.

Багшийн маань түүх, төр эрх зүй, улс төр судлал, намтар судлалын чиглэлээр туурвисан 70 гаруй бүтээл, зуу зуун илтгэл, өгүүлэл нь зөвхөн Монголын эрдэм судлалын үнэт өв төдийгүй Шихихутуг их сургуулийн эрдмийн сан хөмрөгт хүндтэй байр суурь эзэлсэн, эрдэмтэн багш, судлаач, суралцагчдын оюуны түшиг, судалгааны чухал эх сурвалж болон үлдэж байна.

Ачит багш маань Шихихутуг их сургуулийн сургалт, судалгааны чанарыг дээшлүүлэх, эрдэм судлалын эрх чөлөө, ажил мэргэжлийн өндөр хариуцлага, ёс зүй, дэг жаягийг төлөвшүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүн билээ.

Зүйрлэшгүй их хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр, эрдэмт хүний даруу төлөв зан чанар, хүний мөс, жудаг, шавь нараа гэсэн сэтгэл нь Шихихутугчуудын сурч мэдэх, өсөж хөгжих, хүн байх эрхэм чанарыг эрхэмлэх зам мөрд зүг чиг заагч гэрэлт зул болон мөнхөд асах болно.

Шихихутуг их сургуулийн захиргаа, эрдмийн хамт олон, үе үеийн шавь нар бид Багшийнхаа гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, мянга мянган шавь нар, анд нөхдийнх нь уй гашууг гүнээ хуваалцаж байна.

Шихихутуг их сургуулийн хамт олон