Skip to content

Шихихутуг их сургуулийн төлөөлөгчид Европын холбооны “Харьцуулсан эрх зүй төсөл”-ийн хуралд оролцов

Шихихутуг их сургуулийн Захиргаа, үйл ажиллагаа эрхэлсэн проректор Л.Мөнхдэмбэрэл, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор, дэд профессор Б.Нармандах, Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Б.Мөнх-Эрдэнэ, ахлах багш, хууль зүйн доктор М.Хатанзориг тэргүүтэй төлөөлөгчид Италийн Милан хотноо 2024 оны 3 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Харьцуулсан эрх зүй” төслийн багийн уулзалт, арга хэмжээнд оролцов.

Арга хэмжээний эхний өдөр төлөөлөгчид “Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй”, “Эрх зүйт ёс”, “Европын эрх зүй” хичээлийн хөтөлбөрийн агуулгыг хэлэлцүүлж, Харьцуулсан үндсэн хуулийн эрх зүй сэдвээр сурах бичиг бичиж, хэвлүүлэхээр тогтов. Мөн энэ үеэр Миланы их сургуулийн хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Антонелла Бардитай ажлын уулзалт хийж, хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.

Хоёрдахь өдөр зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт ахлах багш, хууль зүйн доктор М.Хатанзориг “Монгол улс дахь ардчилал ба шүүхийн хяналт” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Skip to content