Skip to content

Шихихутуг их сургуулийн үүсгэн байгуулагч эрдэмтэн багш нарын бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Энэ хүрээнд Шихихутуг их сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Данзангийн Лүндээжанцан, Шихихутуг их сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш, хууль зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Чимидийн Энхбаатар нарын туурвисан “Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй” сэдэвт бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Энэхүү бүтээл нь Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн агуулга, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллын талаарх суурь ойлголтуудын онолын үндсийг тайлбарлан таниулж, нийтийг соён гэгээрүүлэх, Үндсэн хуульт ёсыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан бүтээл юм.

Профессор Д.Лүндээжанцан нь Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригчдын нэг, УИХ-ын дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эрх зүй, төрийн эрх мэдлийн хуваарилалт, хууль бүтээх үйл ажиллагаа, парламентат ёс, эрх зүйт төрийн чиглэлээр олон арван эрдэм шинжилгээний бүтээл туурвисан нэрт эрдэмтэн, хуульч юм.

Профессор Ч.Энхбаатар нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан, төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эрх зүй, гадаад орнуудын Үндсэн хуулийн эрх зүй, ардчилал, төрийн байгуулал, хүний эрхийн асуудлаарх бүтээлүүдээрээ хууль зүйн сургалт, судалгааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш юм.

“Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй” бүтээл нь хууль зүйн их, дээд сургуулийн багш, оюутан, судлаач, хуульч, төрийн албан хаагчдын өргөн хэрэглээний эх сурвалж болж, Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны үндэсний дэг сургуулийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Энэхүү шагнал нь Шихихутуг их сургуулийн эрдэмтэн багш нарын олон арван жилийн эрдэм судлал, сургалт, соён гэгээрүүлэх үйлсийг төрөөс өндрөөр үнэлсэн хэрэг бөгөөд ШХИС-ийн төдийгүй Монголын хууль зүйн шинжлэх ухаан, эрх зүйн боловсролын салбарт онцгой бахархалт үйл явдал боллоо.

Шихихутуг их сургуулийн эрдмийн хамт олон, үе үеийн төгсөгчид, шавь нарынх нь өмнөөс эрхэм хүндэт эрдэмтэн багш нартаа халуун баяр хүргэж, эрүүл энх, эрдмийн их үйлсэд нь улам өндөр амжилт хүсэн ерөөе.