2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Шихихутуг их сургуулийн багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, арга зүйг тасралтгүй сайжруулах зорилгоор зохион байгуулдаг “Багшийн хөгжлийн семинар” арга хэмжээнд академич, Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Б.Жадамба уригдан оролцож, “Боловсролын парадигм” сэдвээр илтгэл тавилаа.

Энэхүү илтгэл нь боловсролын талаарх үзэл баримтлал, түүний хувьсал, өөрчлөлт, орчин үеийн боловсролын хөгжлийн чиг хандлага, багшлахуй болон суралцахуйн мөн чанарыг онол, арга зүйн үүднээс эргэцүүлэн авч үзэхэд чиглэсэн юм.
Боловсролын парадигмын өөрчлөлт нь сургалтын агуулга, арга зүйг шинэчлэхээс гадна багшийн үүрэг, суралцагчийн оролцоо, мэдлэг бүтээх үйл явц, боловсролын зорилго, үнэт зүйлсийг цогцоор нь авч үзэх шаардлагатай холбоотой бөгөөд энэ нь дээд боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тус семинар нь Шихихутуг их сургуулийн багш, судлаачдад боловсролын хөгжлийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эргэцүүлэн хэлэлцэх, сургалт, судалгааны үйл ажиллагаагаа боловсронгуй болгоход чиглэсэн мэдлэг, ойлголтоо өргөжүүлэх боломж олголоо.

Шихихутуг их сургууль нь багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, сургалт, судалгааны уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор багшийн хөгжлийн семинар, сургалт, эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж байна.



