Skip to content

Шихихутуг сэтгүүл

Сэтгүүлийн тухай

“Шихихутуг” сэтгүүл нь 1999 оноос хойш Шихихутуг их сургуулиас эрхлэн гаргаж буй Монгол Улсын хууль зүйн мэргэжлийн ууган сэтгүүл юм. Тус сэтгүүл нь эрх зүйн онол, удирдахуйн ухааны онол, арга зүй, практик асуудлыг хөндсөн, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал, дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргасан нийтлэлийг түгээх зорилготойгоор 25 жилийн хугацаанд 31 дугаар хэвлэгдсэн.

Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар сэтгүүлийн нийтлэлийн бодлогод өөрчлөлт оруулж, хуулбарлалтын хувь тогтоон мэргэжлийн түвшинд хянан магадалгаа хийдэг (peer-reviewed) хууль зүйн мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүл болгохоор шийдвэрлэсэн.

Сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь эрх зүй, харьцуулсан эрх зүй судлалын онол, арга зүйг хөгжүүлэх, практик ололт, амжилтыг нэвтрүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлаар туурвисан эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээлийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэнэ. Сэтгүүлд нийтэлсэн эрдэм шинжилгээний бүтээл нь зохиогчийн оюуны өмч байх бөгөөд бүтээлийн ашиглалт, эрхийн хамгаалалтыг Монгол Улсын хууль тогтоомж болон CC BY (Attribution) лицензийн дагуу хэрэгжүүлнэ.

Сэтгүүлийн мэргэжлийн удирдлагыг Сэтгүүлийн редакцын зөвлөл, гүйцэтгэлийн удирдлагыг Судалгааны хүрээлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд Редакцын зөвлөл нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны тэр дундаа хууль зүйн шинжлэх ухааны салбар бүрийн төлөөлөл бүхий гадаад, дотоодын нэр хүндтэй, салбартаа мэргэшсэн 25-аас доошгүй эрдэмтний бүрэлдэхүүнтэй байна.

Сэтгүүлд нийтлэгдэх эрдэм шинжилгээний бүтээл нь сэтгүүлийн нийтлэлийн бодлогод нийцсэн агуулга болон хэлбэрийн шаардлага хангасан байна. Сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлсэн бүтээлд Хянан магадлах хуудсаар баталгаажуулсан шалгуурын дагуу хараат бусаар хянан магадалгааг хийж, үр дүнг зохиогчид тодорхой мэдээлнэ. Хянан магадалгааны явцад бүтээлийн зохиогч болон хянан магадлагч сэтгүүлийн зөвлөлийн гишүүний мэдээллийг харилцан нууцална.

Сэтгүүлд нийтлүүлэхээр бүтээл нь дараах үндсэн бүтэцтэй байна. Үүнд: гарчиг (монгол, англи хэлээр); товчлол (монгол, англи хэлээр); түлхүүр үгс (монгол, англи хэлээр); танилцуулга, арга зүй, үндсэн хэсэг; дүгнэлт, санал; эх сурвалж.

Сэтгүүлд нийтлэгдэх эрдэм шинжилгээний бүтээл түүний төрлөөс үл хамааран дараах шаардлагыг хангасан байвал зохино:

  • Урьд өмнө ижил төрлийн гадаад болон дотоодын сэтгүүлд нийтлэгдэж, нийтийн хүртээл болоогүй байх;
  • Хэл зүйн хувьд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тавигдах нийтлэг шаардлага хангасан байх
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн төрлөөс үл хамааран зохиогчийн эрхийг хүндэтгэн эшлэлийг APA стандартын дагуу хийсэн байx;
  • Хуулбарлалт шалгах программаар шалгуулж хувь тогтоолгож, стандарт хангасан эсэх лавлагаа авсан байх;
  • Бүтээлийн нэр, зохиогчийн нэр, эрдмийн зэрэг цол, эрхэлдэг ажил, цахим шуудан болон холбогдох утасны дугаарыг англи монгол хэл дээр ирүүлэх.

Сэтгүүлийг монгол хэлээр, улирал тутам хэвлэнэ. Шаардлагатай тохиолдолд сэтгүүлийн тусгай дугаар (англи хэлээр эсхүл тусгай сэдвээр) эрхлэн гаргаж болно.

Нийтлэлийг дараах хугацаанд хүлээн авч, хянан магадалж, хэвлэнэ.

Улирал Нийтлэл хүлээн авах Хянан магадлах Засварласан нийтлэл илгээх Эх бэлтгэх

I улирал I/01-II/28 III/01-III/10 III/11-III/25 III/26-III/30

II улирал IV/01-V/31 VI/01-VI/10 VI/11-VI/25 VI/26-VI/30

III улирал VII/01-VIII/31 IX/01-IX/10 IX/11-IX/25 IX/26-IX/30

IV улирал X/01-XI/28 XII/01-XII/10 XII/11-XII/25 XII/26-XII/30

Зохиогч Шихихутуг сэтгүүлд нийтлэл хэвлүүлэхэд нэг бүтээлийн хянан магадалгааны хураамж 100 000 төгрөг төлнө.

Нийтлэлийг law_review@shihihutug.edu.mn мэйлээр хүлээн авна.